Монголын залуу програмистуудын холбоо уриалга гаргаж байна

Монголчууд уул уурхай руу шуурч, байгаль дэлхийгээ сүйрүүлэхээр дуу нэгтэй урагшилж байгаа нь харамсалтай боловч гашуун үнэн билээ.

Уг нь бид байгаль дэлхийн нөөц улам бүр багасаж байгаа энэ үед баялгаа барж үрэхээр ханцуй шамлахын оронд Засгийн газрын зөв бодлогын үндсэн дээр хэзээ ч үл шавхагдах оюуны баялгаа дэлхийн түвшинд гаргах зайлшгүй шаардлагатай юм. 

Харин зохих түвшинд нь энэ талаар анхаарч байгаа нь даанч бага. Тиймээс “Монголын залуу програмистуудын холбоо”-оос нэгэн уриалгыг шийдвэр гаргагчдад хандан дэвшүүлжээ. Энэхүү уриалгыг бид та бүхэндээ бүрэн эхээр нь хүргэж байна. 

Уриалга
Бид Монгол Улсынхаа агуу их түүхээр бахархаж, түүнээс илүү ирээдүй хүлээж байгаад итгэдэг мэдээллийн технологийн салбарын залуучууд билээ. 

Өнөөдөр байгалийн баялгаа ашиглан иргэддээ оюуны хөрөнгө оруулалт хийх, оюуны өндөр шингээлттэй бүтээгдэхүүн, үйлчилгээг дэмжих талаар төр, засгаас гарч байгаа аливаа санал, санаачлага бүрийг баяртайгаар хүлээн авч, талархан дэмждэг.

Мэдээллийн технологийн салбарын залуус бид баян чинээлэг, оюунлаг Монгол Улсыг хүсэмжилж, татварын хөнгөлөлт үзүүлэх замаар улс орны хөгжлийн амин чухал зүйл болсон мэдээллийн технологийн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийг та бүхэнд уриалж байна. Хүлээн авна уу. Бид:

1. Монгол хүний оюун ухаан шингэсэн програм хангамжийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд НӨАТ-ын хөнгөлөлт үзүүлээсэй
2. Програм хангамжийн бүтээгдэхүүн, үйлчилгээний экспортыг дэмжиж, энэ төрлийн орлогыг НӨАТ болон аж ахуйн нэгж байгууллагын орлогын албан татвараас чөлөөлөх, энэ чиглэлээр зуун хувь ажиллаж, цалин авч байгаа иргэдийг хүн амын орлогын албан татвараас 3 жилийн хугацаатай чөлөөлөөсэй гэж хүсэж байна.

Оюуны баялаг дундрашгүй, Монголын заяа тэнгэрлэг билээ” гэжээ. 

Энэхүү уриалгад харин шийдвэр гаргагчид хэрхэн хандах бол.